БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ халаа сэлгээ хийж байгаагаа ил тод зарлажээ. Тэрбээр "Дунд, доод шатны хүнд суртал, авлигыг байхгүй болгох Монгол Улсын Засгийн газрын бодлогын хүрээнд Байгаль орчны салбарт удаж бугшисан, хүнд суртлын оргил нь болсон дунд, доод шатны албан тушаалтнуудыг сэлгэн, шилжүүлж эхэллээ" гэжээ. Түүний хэлж буйгаар, яамных нь зарим албан тушаалтнууд авлига авч, хүнд суртал гаргасан бололтой юм. Нэгэн үед "МАН дарга солигдохоороо халаа сэлгээ хийдэг, доод дунд шатны албан тушаалтнуудыг хөдөлгөдөг байдлыг таслан зогсооно" гэж байсан нь түр зуурын "шоу" төдий зүйл байсныг ийн Б.Бат-Эрдэнэ сайд үйлдлээрээ нотолж байх шив. Өнгөрсөн удаад тус яамны сайдаар хэсэг хугацаанд ажилласан Н.Уртнасан бас чамгүй халаа сэлгээг хийж, хэл ам дагуулж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Нөгөөтэйгүүр шинэ сайд томилогдсон яамдын алба хаагчид хэзээ мөдгүй ажлаа өгөх байх гэсэн айдастай суугаа энэ цагт БОАЖ-ын яамнаас халаа, сэлгээний буухиа ийн эхэлж байх жишээний.