УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2022.08.30) хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Нэр дэвшигчээс асуулт асуух гишүүн байгаагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Ц.Туваан, Н.Наранбаатар нар үг хэлэв.
Гишүүдийн зүгээс Байнгын хорооны даргад нэр дэвшсэн Б.Саранчимэгт ажлын амжилт хүсэхийн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын хэрэгжилтэд Байнгын хорооны зүгээс хяналт тавьж ажиллах, хадлангийн бүс нутгийн хил заагийг тодорхой болгоход салбарын яамтай хамтарч ажиллах, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатайг онцгойлон анхааруулж байлаа.
Ингээд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэгийг сонгохыг дэмжье гэдэг томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь дэмжив.