Алдарт дуучин PSY өнгөрсөн сард Өмнөд Солонгосын Ганвон мужийн Ганнюн хотод тоглолтоо хийсний дараа нэгэн эмгэнэлтэй явдал болсон билээ.
Долдугаар сарын 31-ний өдөр тоглолтын тайзыг буулгах үеэр гэрээт байгууллагын ажилтан болох 20 гаруй насны Монгол улсын иргэн өндрөөс унаж амиа алдсан юм. Орон нутгийн онцгой байдлын алба хохирогчийг Ням гарагийн 15:53 цагийн үед 15 метр өндөр гэрэлтүүлгийн цамхаг дээрээс халтирч унасан тухай мэдээлжээ. Хохирогчийг даруй эмнэлэгт хүргэсэн ч зүрх нь зогссон байна. Талийгаач нь PSY-гийн менежмэнтийг хариуцдаг P Nation компанийн туслан гүйцэтгэгч байгууллагад ажилладаг байжээ.
Уг ослыг хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журам зөрчигдсөнөөс болсон эсэхийг шалгаж байгаа аж. Тэгвэл цагдаа нар Пүрэв гарагт Сөүл хот дахь P Nation компанийн төв байранд нэгжлэг явуулсан тухай Өмнөд Солонгосын хөдөлмөрийн яамны Ганвон мужийн салбар мэдээлжээ.
Эх сурвалж: Korea Times