УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2022.08.25) хуралдаанаар УИХ-ын дарга Г.Занданшатарын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 106 тоот захирамжаар байгуулагдсан Эдийн засгийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг шийдвэрлэх асуудлаар санал, дүгнэлт гаргаж, Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн мэдээллийг сонслоо.
Байнгын хорооны хуралдаанд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, үг хэлэв. Түүний хэлсэн үгнээс онцлох 10 эшлэлийг хүргэж байна.
- Хойт хил олон улсын нөхцөл байдлаас шалтгаалаад хязгаарлалттайн улмаас бүтээгдэхүүний нийлүүлэлт доголдож, тасалдахын зэрэгцээ Европын чиглэлийн тээвэрлэлт саатсан нь үнийн өсөлтөд нөлөөлж байна.
- Өнгөрсөн 7 дугаар сарын байдлаар инфляц 15.7 хувь болсон.
- Төр засгийн бодлогын арга хэмжээний үр дүнд зарим нааштай үзүүлэлт гарсан. Экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 37.2 хувиар нэмэгдлээ.
- Гэвч цагийн байдал тогтворгүй байна. Инфляц удаан хугацаанд үргэлжилнэ.
- Геополитикийн нөхцөл байдал тийм амар сайжрахгүй.
- Экспортын хэмжээ 1.8 тэрбум ам.доллар буюу 37.2 хувь өссөн ч цаашдаа экспортоо төрөлжүүлэх, өргөжүүлэх, хилийн боомтын сэргэлт, гадаад худалдааны бодлогыг цэгцтэй болгох шаардлагатай.
- Манай гадаад худалдаа боомтын бодлогоос авахуулаад импорт, экспортын бодлого урсгалаараа явж байна.
- Тодорхойгүй байдал үүсгэж болохгүй. Тодорхой бус байдал хямралын шалтгаан болно.
- Яам тамгын газрууд сахилга, хариуцлага алдаж болохгүй.
- Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс болоод сандал ширээний асуудал яриад, тодорхойгүй байдал үүсэж, ажил цалгардах бий гэдэг болгоомжлол, эмзэглэл нийгэмд байна. Иргэдээс санал, шүүмжлэлүүд ирж байна.
- Төрийн ажил төрийнхөө ном журмаар явах ёстой. Ажлын хэсэг завсар хийдлийг ашиглаж, ажил цалгардуулах, тендер төсөв мөнгөний холбоотой хууль бус асуудал үүсгэх вий гэдэгт бүх яам, хяналтын байгууллагуудтай хамтарч нарийн нягт анхаарал тавьж ажиллаарай.