АН-ын нэр бүхий гишүүд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, сонгуулийн систем, тогтолцоог өөрчлөх болсон хэмээн байр сууриа илэрхийлсээр байгаа. Тэгвэл энэ талаар хуульч О.Алтангэрэл “Сонгуулийн систем өөрчлөх, гишүүдийн тоог нэмэх гэж их ярих юм. Эхлээд мандатаа хүн амынхаа тоонд тэнцүүлээч.
Тухайлбал, МАН-ын Д.Лүндээжанцан гуай 26890, АН-ын Д.Мурат 21185, бие даагч П.Галиндэв 25866 санал авсан. Одоогийн УИХ-д суугаа зарим гишүүдээс дээрх шиг илүү санал авсан боловч сонгогдож чадаагүй 18 хүн бий.
Өөрөөр хэлбэл, Дундговийн 10 мянган хүний санал УИХ-ын нэг гишүүн төрүүлдэг бол хотын 40 мянган хүний санал мөн адил нэг л гишүүн гаргаж байна. Дундговийн иргэн, хотын иргэн, Баян-Өлгийн иргэн эн тэнцүү эрхтэй бөгөөд ийм ялгаа зөрүү гарч байгаагийн буруутан нь систем биш юм. Жагсаалтын цаана бэртэгчид, хариуцлагагүй гишүүд гарч болдог сул талтай учраас пропорциональ бас төгс систем биш. Мажоритарын хамгийн муу хувилбар манайд байдгаас биш өөр дэвшилтэт загварууд ч олон бий. Иргэдийн хувьд УИХ-ын гишүүдийн тоог нэмэхэд дуртай ханддаггүй. Учир нь тоондоо биш, ард түмний төлөө ажиллаж чадах эсэхэд байгаа гэдгийг ойлгосондоо тэр. Тоо нэмэхээс өмнө одоогийн хэд нь ядаж л хуралдаа бүрэн суучихдаг болмоор.
Ингээд бичихээр жагсаалтанд орчих хүсэлтэй хэд маань ардчилал, тогтолцоо, хандлага яриад ороод ирэх байх. Уучлаарай, дээрх сул талуудыг нөхөхгүй бол хичнээн систем солиод, гишүүн нэмээд сайжрахгүй шүү” хэмээжээ.