Засгийн газрын ээлжит хуралдаан болж өндөрлөлөө. Хуралдаанаас гарсан шийдвэрийг холбогдох албаныхан танилцуулж байна.
Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "НӨАТ-ын сугалааг түр хугацаагаар зогсоосон. Сугалааны өөрийнх нь технологи, процессийг бид шинэчлэх шаардлагатай болж буй юм. Сугалаа гарснаас хойш долоон жил огт шинэчлэгдээгүй хэвээр явсан.
Өмнө нь бүх хэвлэгдсэн НӨАТ-ын баримтуудыг сугалаанд оруулдаг байсан. Тэр нь бүртгэгдээгүй баримт ч сугалаанд оролцдог байсан гэсэн үг. Одоо зөвхөн бүртгэлд орсон, бүртгүүлсэн баримтыг НӨАТ-ын сугалаанд оролцуулна.
Хамгийн гол нь ил тод болгоно. НӨАТ-ын баримтаа бүртгүүлсэн бол миний хэдэн баримт сугалаанд оролцож байна гэдгийг хянах боломжтой болгоно. Энэ мэт дэвшилтэт байдлаар НӨАТ-ын сугалааг шударга, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хэлбэрээр явуулдаг болгохоор судалгаа хийж байна" хэмээв.