Сүхбаатар дүүргийн прокуророос Ч-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, өөрийн эхнэр Б-г зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт буруутган яллаж, хэргийг нь шүүхэд шилжүүлжээ.
Хэрэг явдлын тухайд, хоёр жилийн өмнө долоодугаар 16-ны өглөө шүүгдэгч Ч нь өөрийн эхнэр Б-г “Ээжид нь хүндэтгэлгүй хандсан” гэж буруутган, улмаар түүнийг зоджээ.
Ингээд эхнэрээ зодож байхыг түүний төрсөн хүүхдүүд нь харж, хөрш айлаас тусламж гуйж цагдаад дуудлага өгснөөр цагдаагийн алба хаагч нар ирж, шүүгдэгчийг саатуулсан байна.
Хохирогч Б зодуулсны улмаас түүний тархи нь доргисон, гарын хоёр шуунд нь цус хурсан, хамрын нуруу хэсэг нь зулгарсан, зүүн нүдний доод зовхинд цус хурсан гэмтлүүд учирсан. Энэ гэмтлүүд нь “хөнгөн” зэргийн гэмтэлд тооцогддог болохыг шинжээч эмч дүгнэлт гаргаж тогтоосон байдаг.
Гэрчийн мэдүүлэг, цагдаагийн байгууллагад ирсэн дуудлагын бүртгэл, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б нь эхнэрээ зодож, хөнгөн гэмтээсэн нь хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон тул түүнийг гэр бүлийн хүчирхийллийн хэргээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн нь энэ юм.
Шүүхээс шүүгдэгч Ч, хохирогч Б нарын хооронд үүссэн маргаан, тэмцэл нь нэг тал нь хэт давамгай байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон хэрэг биш эхнэр, нөхрийн хоорондын ахуйн шинжтэй маргааны улмаас хоорондоо муудалцаж, нөхөр нь эхнэрээ зодсон гэж үзсэн байна. Ийнхүү шүүгдэгч Ч-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж холбогдсон хэргийг нь хүндрүүлээгүй бөгөөд шүүгдэгч Ч-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж хөнгөрүүлж шийдвэрлэн, 650 мянган төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх