Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах ШШГЕГ-ын харьяа Хорих 423 дугаар ангид ял эдэлж байсан С, М нар энэ сарын 8-ны шөнө 22.00 цагийн орчимд алга болсон талаар бид мэдээлсэн. Эх сурвалжийн мэдээллээр, тухайн үед тус хорих ангийн нэр бүхий албан тушаалтнууд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан аж. Энэ үеэр дээрх хоригдлууд ногоон талбайн ажлаас оргон зугтаж, олдоо ч олдоогүй байна. Өнөөдөр ЦЕГ-аас орон даяар эрэн сурвалжилж байгаа зар мэдээллийг тараажээ.
Оргосон хоригдол М-ийн тухайд 1999 онд төрсөн, Баянхонгор аймагт амьдарч байсан, ял эдлэхээсээ өмнө эрхэлсэн тодорхой ажилгүй, шүүхээс 3 жилийн ял шийтгэл оноосон байжээ. М нь цэнхэр өнгийн футволк, улбар шар өмд, хар өнгийн түрүүтэй гуталтай оргожээ.
Харин хоригдол С нь 2000 онд төрсөн ял эдлэхээсээ өмнө мөн Баянхонгорт амьдарч, мал маллаж байжээ. Тэрээр шүүхээс 2 жил 8 сарын хорих ял авсан, оргох үедээ улбар шар өнгийн куртик, улаан өнгийн футволк, улаан шар өнгийн өмд, түрүүтэй хар гутал, ногоон саарал өнгийн саравчтай малгайтай байсан.
Хоригдлууд энгийн хувцастай явж байх магадлалтай учир ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.