Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх аж ахуй нэгжүүдийг байгаль орчиндоо ээлтэй ажил хийхийг уриалж, холбогдох бичиг, хүсэлтээ Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын дархан цаазат газарт хүргүүлжээ. Гэтэл дорвитой шийдэлд хүрэлгүйгээр өнөөдрийг хүрлээ хэмээн өөрийн цахим хуудастаа онцолжээ.
Тухайлбал, "Эрхэт капитал" гэх компани нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих төвийн төслийн үйл ажиллагаа явуулж байгаа нэрээр зөвшөөрөгдсөн хэсэгт үйл ажиллагаа явуулахгүйгээр ойн сан бүхий газарт ажил зохион байгуулсан нь Баянзүрх дүүргээс гарсан хамтарсан багийн шалгалтаар ил болсон байна.
Улмаар Н.Баярмөнх "Дархан цаазат газар бүтээн байгуулалт хийх нь дүүргийн Засаг даргын эрх мэдлээс хэтэрсэн асуудал учраас байгаль дэлхийгээ хайрлаж, хамгаалах хүсэлтэй хүн бүртэй хамтарч ажиллахад нээлттэй шүү. Иймэрхүү асуудалд холбогдох яам, мэргэжлийн байгууллага нь түргэн шуурхай шийдвэр гаргаж ажиллахыг хүсье" гэжээ.