Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш манай улсад айлчилж байна. Тэрбээр энэ сарын 08-11-ны өдрүүдэд айлчлах бөгөөд айлчлал албан ёсоор ийнхүү өнөөдөр эхэлж байна.
Энэхүү айлчлал нь Монгол Улс НҮБ-д 1961 онд гишүүнээр элссэний 60, 61 жилийн ой, нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласны 30 жил, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм.
Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсад цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах чиглэлээр хүч чармайлт гаргаж буй улсынх нь хувьд зочилж буйгаа онцлон тэмдэглэсэн. НҮБ-ын тэргүүн Монгол Улсад 4 удаа айлчлал хийснээс хамгийн сүүлд одоогоос 13 жилийн өмнө 2009 онд айлчилсан байдаг.