Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг уулзалтын эхэнд “Монгол Улсын урт хугацааны "Алсын хараа-2050" хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлж байна. Энэхүү бодлого нь зургаан чиглэлийг хамруулж байгаагаас боомтын сэргэлт, эрчим хүчний сэргэлтийг онцолж буй. Эдгээрийг оновчтой хэрэгжүүлснээр боомтын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, экспортлох бүтээгдэхүүний хэмжээ хоёр дахин өснө. Мөн эрчим хүчний чадал 2.5 дахин нэмэгдэж, хөгжлийн мега төслүүд бодитой хэрэгжих суурь нөхцөл бүрдэнэ. Эдгээр төслүүдийн үр дүнд 2025 он гэхэд 285 мянган ажлын байр шинээр нэмэгдэж, ДНБ буюу эдийн засаг хоёр дахин тэлнэ гэж үзэж байна” гэлээ.