Тагнуулын ерөнхий газраас “Тусгаар тогтнол” хөдөлгөөнийхнийг зэвсэгт халдлага үйлдэх магадлалтай гэж үзэн ӨЧИГДӨР ОРОЙ саатуулсан талаар бид мэдээлсэн.
Тэгвэл эл хэргийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Монгол Улс тусгаар тогтносон бүрэн эрхт улс. Гэтэл туурга тусгаар улсын дотор дахин нэг тусгаар тогтнол нэртэй экстримист үйл ажиллагаа явуулж, цэрэгжсэн зохион байгуулалттай байж болохгүй. Үүнийг тагнуулын байгууллагаас гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзсэн учир зөвшөөрлийн дагуу саатуулсан.
Дэлхийн аль ч ардчилсан улс оронд цэрэгжсэн ийм үйлдэл хийж болохгүй. Энэ үйл явдал зургадугаар сарын 14-нөөс эхэлсэн. Эхлээд үндэсний хувцастай эхэлсэн бол дараа нь цэрэгжсэн байдал руу шилжсэн. Тиймээс хууль тогтоомжийн дагуу шалгалтын ажил явуулж байна. Шалгаж байгаа хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэв.