2022 оны наймдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Хүй долоон худагт “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадам болох гэж байна. Энэ талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийслэлийн аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг "Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон нийслэлийн Аялал жуулчлалын газраас хүрээ цам даншиг наадмыг 2018 оноос сэргээж Гандантэгчинлэн хийдтэй хамтран зохион байгуулж ирсэн. 2018 онд уг наадмыг үзэхээр 2,500 жуулчин ирж байлаа. Эдгээр жуулчны олонх нь БНХАУ-аас зорин ирсэн байдаг. Энэ жилийн хувьд хил хаалттай учир урд хөршөөс жуулчид ирэх боломжгүй.
Энэ жил коронавирусийн халдвар багассан тул НЗД-ийн зөвлөлөөс 2022 онд аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр 36 эвент арга хэмжээний жагсаалт батлагдсаны нэг нь “Даншиг наадам-Хүрээ цам 2022” юм.
Монголын Аялал Жуулчлалын Холбооны 5-6 тур-оператор компанийн захиалга баталгаажсан. Өөрөөр хэлбэл уг наадмыг үзэхээр 150 жуулчин ирэхээр байна. Хувиараа үүргэвчтэй аялагчид, Гандантэгчинлэн хийдийн урилгаар гаднын улсаас хүндэт зочид ирнэ. Тиймээс даншиг наадмыг товлосон хугацаандаа буюу наймдугаар сарын 6, 7-ны амралтын өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.