Баянхонгор аймаг байгуулагдсаны түүхт 81 жилийн ойн баяр наадмын нээлт хурсан олныг огшоогоод авав. Учир нь өв соёл, түүхийн улбааг харуулсан утга төгөлдөр үзүүлбрүүд дэлгэгдээд зогсоохгүй, үйл ажиллагаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, ГХ-ийн сайд Б.Батцэцэг нарын тэргүүтэй Засгийн газар, УИХ-ын томоохон төлөөллүүд оролцсон юм. Энэ үеэр ГХ-ийн сайд Б.Батцэцэг Хонгор нутгийнхаа зон олонд Ерөнхий сайдын мэндчилгээг уламжиллаа.
Тэрбээр мөн “Дэлхийн томоохон гүрнүүд дэлхийн дайнд татагдан орж хүн төрөлхтний түүхэнд ээдрээтэй, хүнд бэрх цаг үе тохиосон тэртээ 1941 онд Баянхонгор аймаг байгуулагдаж, бидний өвөг дээдэс, аав ээж, ахан дүүс аймаг орноо тулгар босгож, ажил үйлсээ өрнүүлсэнээс хойш эдүгээ 81 жил өнгөрчээ.
Өнөөдөр Баянхонгорчууд энэхүү түүхэн чухал ойгоо ёслон тэмдэглэж байна. Монгол улсын орчин цагийн түүхийн өртөөнд Баянхонгорчуудын зүтгэж байгуулсан гавьяа оролцоо үнэхээр дундаршгүй ээ.
Хорьдугаар зууны хүн төрөлхтний хөгжил дэвшлийн төлөөх зогсолтгүй тэмцэл, цуцалтгүй хөдөлмөрийн буухианд Баянхонгорчууд өнгөрсөн 80 жилийн туршид өчүүхэн ч амсхийлгүй зүтгэж, үеийн үед мартагдахын аргагүй гавьяа байгуулснаараа энэ их ойг бахархан тэмдэглэх түүхэн эрхтэй билээ” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.
Ташрамд хэлэхэд, Монгол Улсын түүхэнд зургаан гадаад харилцааны сайд, цаашилбал дипломат боловсон хүчний эгнээн дэхь мэргэжлийн чадварлаг ажилтнууд Баянхонгор нутгаас төрсөн түүхтэй хийгээд ГХ-ийн өнөөгийн сайд Б.Батцэцэгийн хувьд дэлхий дахины олон улсын харилцааны ээдрээтэй хүнд цаг үе, торгон зааг дээрх хүнд сорилтын он жилүүдэд чамлахааргүй ажиллаж байна хэмээн нутгийн ахмадууд онцолж байлаа.