Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Энэ жил улсын хэмжээнд 368.4 мянган га талбайд улаанбуудай, 19.7 мянган га-д төмс, 51.2 мянган га-д малын тэжээл, 116 мянган га-д тосны ургамал тариалаад нийт 570.8 мянган га-д тариалалт хийгээд байна. Наймдугаар сарын 20-н гэхэд ургацын урьдчилсан баланс гарна.
Өнгөрсөн оны ургац хураалтын үеэр шатах тослох материал болон дизель түлшний үнэ 3,380 төгрөг байсан бол өнөөдөр 4,030 төгрөг болж 19.6 хувиар өсчээ.
Хаврын тариалалт, намрын ургац хураалтад нийт 20-25 мянган тонн түлш хэрэгтэй болдог. Иймд энэ намрын ургац хураалтын бэлтгэл ажилд зориулж 10 мянган тонн түлшийг хаврын тариалалтын үеийн үнийн түвшинд байлгахаар Засгийн газрын нөөц сангаас 6.5 тэрбум төгрөгийг гаргахаар шийдвэрлэлээ.
Энэ татаасыг бид ургац хураалтын гүйцэтгэлээр нь буюу хүнсний ногоо, төмс, улаанбуудайн ургац хураалтын дүнгээр нь олгоно" гэж мэдэгдэв.