“Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадмыг наймдугаар сарын 06, 07-ны өдрүүдэд Хүй долоон худагт болох гэж байна.
Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй баяр бөгөөд Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ билээ.
Жил болгоны наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд зохиогддог тус арга хэмжээний үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог ба цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх, шашин соёлын үзэсгэлэн худалдаа зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болдог.
Мөн 256 хүчит бөх барилдан, даага, их нас болон жороо морьд уралдах бөгөөд морьт харвааны үзүүлбэр зохион байгуулна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд хамтран даншиг наадмыг зохион байгуулах аж.