Б.Баттүшиг 92%-ийн санал авч МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдлоо
2022.03.30 •
4м унших
Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгчөөр МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг 92 хувийн санал авч сонгогдлоо. Хорооны ерөнхийлөгчид нэр дэвшсэн гурван хүний нэг буюу Монгол Улсын Ерөнхийлөгч асан, жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга нэрээ татаж, Б.Баттүшиг, Э.Мөнх-Очир нар өрсөлдсөн юм. Санал хураалтад 180 төлөөлөгч оролцох ёстойгоос 165 нь саналаа өгч, ирц 91.6 хувьтай байв. Дүн гарахад 151 хүн Б.Баттүшигт, 12 хүн Э.Мөнх-Очирт санал өгч, хоёр санал хүчингүй болсон байна. Ингэснээр Б.Баттүшиг 92 хувийн саналаар ялалт байгуулж, МҮОХ-ны 14 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдов. Одоо Тэргүүн дэд болон Дэд ерөнхийлөгчийн санал хураалт үргэлжлэн явагдана. Тус хоёр албан тушаалд есөн хүн өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлжээ.