Улаанбаатар хотод нийтийн бие засах газар иргэд, зорчигчид олноор төвлөрсөн 22 байршилд бий. 1.5 сая хүн амтай нийслэл хотод стандартын хувьд 150-270 нийтийн бие засах газар шаардлагатай гэдэг. Гэвч дээрх улсын төсвөөр баригдсан 22 газраас гарын арван хуруунд багтах нь ажилладаг.
Ихэнх нь хаалга нь цоожтой, зарим нь баригдсанаасаа хойш нэг ч удаа ажиллаагүй өнөөдрийг хүрсэн. Тиймдээ ч иргэд хаана ямар байршилд нийтийн бие засах газар байгааг мэддэггүй.
Нийтийн бие засах газруудын нэгийг нь л гэхэд 200 орчим сая төгрөгөөр барьсан байдаг. Анх 2014 онд хоёрыг барихдаа 368,3 сая төгрөгийн төсөв зарцуулж байв.
Үүнээс гадна жилд урсгал зардалд 125-150 орчим сая төгрөг зарцуулдаг гэдэг. Гэтэл төсвөөс их хэмжээний зарлагатай эдгээр байгууламж нийтэд үр ашгаа өгч, ашиглагддаг нь үгүй билээ.