“Тавантолгой төмөр зам” ХХК болон Ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж буй “Хятадын төмөр замын барилгын гүүрийн инженерийн групп” ХХК-ийн хамтарсан бүтээн байгуулалт Тавантолгой–Гашуунсухайт чиглэлд эрчимтэй өрнөж байна.
2025 оны 07 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн төслийн талбайд улаан шугам хүлээлцэж, албан ёсоор барилгын ажил эхэлсэн. Энэ үеэр талбай дээр худгийн усны байршил, төмөр замын ТТАМ-ын байршил зэрэг голлох мэдээллийг Ерөнхий гүйцэтгэгч талд танилцуулан газар дээр нь үзүүлсэн.
Төслийн талбайд өнөөдрийн байдлаар Монгол талаас ахлах инженер, геодезийн болон гүүр хоолойн инженерүүдээс бүрдсэн мэргэжлийн 6 хүн, харин БНХАУ-ын талаас төслийн удирдагч, инженер, орчуулагч, туслах ажилчид зэрэг нийт 76 хүн буюу нийт 82 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.
2025 оны 07 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд БНХАУ-ын талаас нийт 20 туслах ажилчин хил нэвтэрч, Калмарын грашид байрлан ажилдаа орсон бөгөөд өнгөрсөн гурван долоо хоногийн хугацаанд дараах ахиц дэвшил гарлаа.
Төслийн хүрээнд хамгийн эхний ээлжинд хаалттай бүсийн хамгаалалтын торон хашааг 12,500 метр урттайгаар барихаар төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 4,166 шонгийн 53 хувь буюу 2,210 нүхийг ухаж, 813 шон босгож, 672 метр хашаанд торлох ажил хийгдээд байна.