Эзэн чингисийн нутагт байх монгол наадам мину зээ
Амгалан төрийн ажнай хурдан янцгаах хийморь
Айраг түрүүгээр саравчлах монгол
Алтан тоосоо тэнгэрт өргөх эрэмгий хүлэг минь
Асар дээдийн заяатай
Ардын сайхан наадам минь
Домгийн шувуу үргээж сумын наадам эхэллээ.
Дурсамж дурсамжийн дундаас сумын наадмын тухай явдал хамгийн нандин. Наадам наадмын дотроос сумын наадам хамгийн сайхан нь.
Наадам болох өдрийг хуруу даран хүлээдэг хүүхэд нас минь өчигдөрхөн мэт тод санагдана. Наадмын өмнөх орой хайртай шарга мориныхоо өмнөөс маргаашийн уралдаанд сэтгэл догдлон, нойр хүрэхгүй хөрвөөж өглөөг тэсэн ядан хүлээдэгсэн. Мандах нартай зэрэгцэн босч магнайлан хурдлах хүлгээ харахаар яарна. Аавыгаа шамдуулан наадам болж буй газрын зүг гэлдэрнэ.
Хүүхэд насны минь дурсамжинд хүлээтэй шаргал говийн минь наадам шар үс бостол яруухнаар үргэлжилнэ. Наадмын хуушуурын амттайг хэлэх үү, хул зандан хушуур барьсан уяачдын намбатайг бишрэх үү, найртай сайхан хангай дэлхийн аашийг хүндлэх үү сумын минь наадам хүн бүрийн сэтгэлийг сэргээнэ.
Хос мориор хоршсон хосууд наадмын цог жавхааг улам чимнэ. Сумын наадамд ирсэн хүмүүсээс танихгүй хүн ховор тул бүгд хоорондоо уриалгахан мэнд мэдэлцэн, мишээн зөрнө. Ямар ч хуурамч аяггүйгээр цөм бүгд үнэн төрхөөрөө өрнөнө. Хүүхэд байхад хоног тоолон хүлээдэг сумын наадмыг гүйцэх догдлол хаа ч байхгүй байж дээ.
Л.Отгондүү