Ирэх жилийн улсын төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэн батлаад хэдхэн хонож буй ч төсөвт тодотгол хийх тухай яриад эхэлчихэж. Үнэндээ уул уурхайн бүтээгдэхүүнээс илт хамааралтай эдийн засагтай улсын хувьд хэт өөдрөг төсөөллөөр түүхий эдээ борлуулж орлого олно гэсэн гэнэн хуумгай тоог төсөвт суулгаснаас болж, баларч бантах явдал байсхийгээд л гардаг нь бас үнэн. Ямартай ч эдийн засагчид зэсийн үнэ цаашид өсөхөөр байна гэж таамаглаж буй. 2025 оны байдлаар Монгол Улсын нийт экспортын 36 хувийг зэс эзэлж, ирэх жил ч нэмэгдэх магадлалтай учраас төсвийн төсөөлөлд төвөг удах эрсдэл тэр хэмжээгээр буурна гэсэн үг.
Харин түүхэн дээд хэмжээнд хүрч, өссөн алтны үнэ ирэх жилүүдэд саарах төлөвтэй буйг АНУ-ын Хөрөнгө оруулалтын банк болон бусад банкнуудын олонх нь хэлж буй. Өөрөөр хэлбэл “АЛТ-3” аянд найдалтгүй гэсэн үг.
Нүүрсний тухайд дэлхийн эдийн засагчид үнэ унах эсвэл өсөх хүлээлт харагдахгүй байгаа аж.
Тодруулбал, өнгөрсөн хугацаанд Хятадын зах зээлд нүүрсний үнэ урьд, өмнө байгаагүйгээр дөрөв дахин өссөн ч буцаад бууж байгаа. Энэ үнийн бууралтад манай эдийн засаг буруу тооцоолол буюу хэт өөдрөг тооцоолсноос эдийн засаг эрсдэлд орчихоод байгаа юм. Тиймээс нүүрсийг хэр хэмжээгээр экспортолж төсөвт тэр хэмжээгээр орлого орж ирэх тооцооллоо зөв хийх хэрэгтэйг эдийн засагчид сануулж байна. Тэгж гэмээнэ төсөвт ирэх дарамт бага байх болно. Нөгөөтэйгүүр ирэх онд гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхээргүй байгааг сануулсан. Товчхондоо эрдэс баялгаас өөр салбараа хөгжүүлж, эдийн засгаа тогтворжуулах арга зам хайх нь эрсдэлээс сэргийлэх хамгийн дөт бөгөөд зөв зам болохыг эдийн засагчид ахин дахин сануулсаар буйг дуулгая.




