3х3 сагсан бөмбөгийн олимпын эрхийн олгох хоёр дахь тэмцээн энэ сарын 2-5-нд Японд болж буй билээ. Зөвхөн түрүүлсэн нь олимпын эрх авах хүнд даалгавартай тус тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд манай залуус өрсөлдөж байна.Энэ удаагийн тэмцээнд А.Ананд, Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, О.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэй очсон манай залуус эхний тоглолтоо өчигдөр талбайн эзэн орны багтай хийсэн юм.
Уг тоглолтод 12:22-оор дийлджээ. А.Ананд, Э.Дөлгөөн нар тус бүр дөрвөн оноо авч багаа тэргүүлсэн бол Д.Дэлгэрням, О.Энхбаатар нар хоёр оноо авсан аж. Японы шигшээгээс америк легионер Томас Кеннеди 13 оноо авч багаа тэргүүлжээ.Хожигдох эрхгүй болсон залуус маань хэсгийн хоёр дахь тоглолтоо Францын эсрэг хийлээ. Энэ тоглолтод А.Ананд багтаа 10 оноо авчирсан бол хожлын оноог О.Энхбаатар авснаар хүчтэй өрсөлдөгчөө 21:17-гоор буулган авлаа. Манай шигшээ багийн гурав дахь тоглолт өнөөдөр 20:00 цагаас болно. Хэсгийн сүүлийн тоглолтоо Египетийн шигшээтэй хийх юм.