Аймгийн Засаг дарга 2022 оны наймдугаар сарын дөрөвний өдөр Эм Си Жи Би ХХК-ний захирал Е.Гылымханы хамт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа аймгийн Асрамжийн газрын шинэ барилгын явцтай биечлэн очиж танилцсан юм.
Тус аймгийн Асрамжийн газрын барилга ашиглалтын шаардлага хангахааргүй болсон тул шинэ барилга барьж байгаа ажээ. Өмнө нь 2014 онд 400 сая гаруй төсөвт өртгөөр баригдах боломжтой байсан ч гүйцэтгэгч компаниуд үнийн өсөлт нэрийдлээр барилгыг дутуу барьсан байна.
Иймд аймгийн Засаг дарга Д.Бауыржан ИТХ-ын дарга байх үеэс тус Асрамжийн газрыг гүйцээж барих санхүүжилтийг шийдвэрлүүлэхийн тулд хөөцөлдөн, Хөдөлмөр Нийгэм хамгааллын дэд сайд С.Зулпхарын дэмжлэгээр энэ жил Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн санхүүжилтээр барилгыг дуусгаж удахгүй ашиглалтад оруулахаар боллоо.
Асрамжийн газарт зорин ирсэн хэнд ч болов гэр оронд нь буй мэт тохилог орчинг бүрдүүлэхийг зорьж байна. Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА) тус барилгын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж, одоогийн байдлаар тус объектын доторх тавилгууд болон цахилгаан тоног төхөөрөмжүүдийг угсрах, суурилуулах, холбогдох ажил хийгдэж байна. Ирэх есдүгээр сарын эхээр иж бүрэн тохижуулсан Асрамжийн газрын барилгыг ашиглалтад оруулахыг Засаг дарга онцолжээ.
Асрамжийн газрын өрөө бүхэн босоо душ, суултуур, угаагууртай, зөөлөн матрастай ор, шүүгээтэйгээс гадна гүйлтийн зам, теннисийн ширээ, фитнес дугуй гэх мэт спортын хэрэгсэл байршуулсан байна.
Мөн гал тогоо, амарч, ярилцаж суух амралтын өрөө тасалгаа зэрэг асруулагчдад хэрэгцээтэй, тохь тухтай бүхий л нөхцөлийг бүрдүүлжээ. Тус барилга нь нэгдсэн халаалтад холбогдсон, барилгын үүд хэсэгт ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан замыг стандартын дагуу хийсэн байна.
Одоогоор тус асрамжийн газарт 14 хүн байнга асруулдаг бөгөөд шинэ барилгатай болсноор ахмад настнууд тохилог орчинд тав тухтай үйлчилгээ авах боломж бүрдэхээс гадна 20 хүнийг асрах боломжтой болох юм.
Энэхүү Асрамжийн газрыг шинэ барилгатай болгох ажил нь аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан аж.