Энэ онд хийж, бүтээсэн ажлаа тайлагнах, үр дүн, алдаа, амжилт ололтоо хэлэлцэж оны эцсийн тайлан тооцоо, ирэх оны төсөв, төлөвлөгөө гээд Монголчууд бид зургаан хоногийн дараа шинэ оноо угтахаар дор бүрнээ завгүй өдрүүд өнгөрч байна. Манай сурвалжлах баг Орос-Монгол-Хятад гурван улсыг холбосон төмөр замын тээврийн үндсэн коридорын дагуу байршилтай, хойд, урд хоёр гүрнийг холбосон хатуу хучилттай автозам дайран өнгөрдөг, байнгын ажиллагаатай хилийн хоёр боомттой, байгалийн тогтоц бүхий үзэсгэлэнт газрууд болон ашигт малтмалын нөөц ихтэй гэх мэт олон онцлогтой Дорноговь аймгийг зорьсон юм. Энэ үеэр 2003 оноос эхлэн төсвөө бие даан бүрдүүлэн, зарлагаас давсан орлогоо улсын төсөвт төвлөрүүлдэг цөөхөн аймгийн нэг болох Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалтай ярилцлаа. Энэ удаад эхний цувралыг уншигч танд хүргэж байна.
Энэ оны сүүлийн өдрүүд өнгөрч байна. Өнгөрч буй 2024 онд Дорноговь аймгийн хувьд хийж, хэрэгжүүлэхийг зорьсон төлөвлөгөө, төсөл, бүтээн байгуулалтын ажлууд хэр өрнөв?
Дорноговь аймаг Монгол Улсын өмнөд хил Замын-Үүд боомт, хилээ хариуцаж ажилладаг. Тээвэр ложистикийн салбарын үйл ажиллагаануудыг хэвийн явуулах үүрэг хүлээж ажилладаг онцлогтой аймаг. Тийм учраас бид боомтын шинэчлэл дээр түлхүү анхаарч, Замын-Үүд боомтыг өргөтгөх, ачаа болон зорчигч тээврийн урсгалыг нэмэгдүүлэх чиглэл дээр гол бодлогоо зангидаж ажиллаж байна. Яагаад гэвэл Монгол Улсын хувьд экспорт, импортын 70-80 хувь нь Замын-Үүд боомтоор дамждаг. Тийм болохоор бид боомт руугаа чиглэсэн бодлогын ажлуудыг хийж, үр дүнд өнөөдөр Замын-Үүд боомтоор нэвтэрч байгаа зорчигч болон ачаа тээврийн урсгал, Монгол Улсаар дамжин өнгөрч байгаа ачаа тээврийн транзит тээвэр, авто болон төмөр замын ачааны эргэлт, хөдөлгөөний урсгал хэд дахин нэмэгдсэн. Үүнийг дагаад улсын төсөвт орох орлого мөн нэмэгдэж байна. Манай Замын-Үүд боомт буюу гаалийнхан маань улсдаа их наяд төгрөгийн орлого оруулснаар анхны их наядын эзэд болсон амжилттайгаар 2024 оныг үдэж байна. Мөн Засгийн газраас манай аймгийг хүнд аж үйлдвэрийн бүс гээд зарлачихсан. Энэ хүрээнд хоёр үйлдвэр технологийн парк, нефть боловсруулах үйлдвэр баригдаж байна. Эдгээр ажлуудыг эрчимжүүлэх, түргэн хугацаанд барьж дуусгаад ашиглалтад оруулахад орон нутгийн зүгээс хэрхэн дэмжих, ямар бодлого барьж ажиллах вэ, Засгийн газрын бодлогыг бид яаж хэрэгжүүлэх вэ, төсөл хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжтэйгээ хэрхэн харилцах вэ гэх мэт өдөр тутмын хамтын үйл ажиллагаандаа анхаарч, өргөжүүлээд явж байгаа.
Иргэдийнхээ нийгмийн болон боловсролын байдалд анхаарч энэ салбарт бүтээн байгуулалтын ажлууд өрнөсөн аймгуудын нэг нь танай аймаг. Аймгийн Засаг даргын хувьд эдгээр бүтээн байгуулалтын тал дээр ямар онцлох бодлого, шийдвэр баримталж ажилласан бэ?
Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд жилдээ 270-280 орчим төсөл, арга хэмжээ тусгагдан хэрэгжүүлэхээр ажилладаг. 2024-2028 оны хугацаанд 48 зорилт 4 бүлгийн 325 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан нь өмнөх жилүүдтэйгээ харьцуулбал нилээн нэмэгдсэн байгаа. Бид өнгөрсөн хугацаанд Дорноговь аймаг бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг тасралтгүй үргэлжлүүлсээр ирсэн. Тухайлбал, 10 мянган айлын орон сууц хөтөлбөрийг анх удаа хөдөө орон нутагт эхлүүлээд явж байна. Эхний ээлжний түрээсийн орон сууцнууд ашиглалтанд орж, өнгөрсөн онд хуваарлалтыг нь хийлээ. Ипотекийн болон түрээсийн, арилжааны гэсэн гурван хэлбэрээр төслийг хэрэгжүүлж байгаа. Түрээсийн орон сууцны үнийн хувьд Монгол Улсдаа хамгийн доод үнийн хязгаарыг барьж чадсан. Ипотекийн зээлийн хувьд ч боломжийн хэмжээнд явж байгаа. Арилжааны хувьд чөлөөт зах зээлийнхээ хуулиар явах ёстой гэж үздэг учраас оролцдоггүй. Замын-Үүд суманд 9 давхар орон сууцны хороолол бэлэн болж байна. Ирэх жилийн хоёрдугаар улиралдаа багтаад ашиглалтанд орчихоно. Мөн Сайншанд сумандаа ипотек болон түрээсийн орон сууц гэж хэрэгжүүлж буй төсөл үргэлжилнэ. Ирэх оны өдийд гэхэд ашиглалтанд хүлээгээд авчихана гэсэн төлөвлөгөөтэй явж байгаа. Сумуудад төрийн албан хаагч нарт зориулсан орон сууцны хөтөлбөр хэрэгжиж байна. Тухайлбал, Улаанбадрах суманд төрийн албан хаагчийн орон сууц барьсан. Ингэснээр залуу боловсон хүчнүүдийг хөдөө орон нутаг ч гэсэн хот суурин газраас ялгаагүй нөхцөлд ажиллаж, амьдруулах боломжийг бүрдүүлж байгаа. Манай аймаг дэд бүтцийн хувьд хоёр сумаас бусад нь төвлөрсөн ус, дулаан, ариутгал, татуургын нэгдсэн байгууламжтай болчихсон. Дэд бүтцээ түшиглээд барилга, байшин, орон сууц, цэцэрлэг, сургууль, эмнэлэгийн үйл ажиллагааг холбох ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Өнгөрсөн хугацаанд 640 хүүхдийн сургууль, 320 хүүхдийн сургуулийн өртгөтгөл Сайншандад ашиглалтад орууллаа. Даланжаргалан суманд шинэ эмнэлэг байгууллаа. Яагаад гэвэл босоо тэнхлэгийн автозамын дагуу, уул уурхайн идэвхтэй бүс гэх мэт шалтгааны улмаас хөдөлгөөний эрчим маш их байдаг. Үүнийгээ дагаад зам тээвэр, хөдөлгөөний аюулгүй байдлаас шалтгаалсан осол, гэмтэл өндөр байдаг учраас цаг алдалгүй, шуурхай арга хэмжээ авах хэрэгтэй болдог. Хатанбулаг суманд 320 хүүхдийн шинэ сургууль ашиглалтад орууллаа. Хөвсгөл суманд шинэ сургуулийн өргөтгөл баригдаад явж байна гэх мэт нийгмийн, боловсролын салбар руу чиглэсэн, нийгмийн суурь үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллаж байна. Түүнчлэн хэд хэдэн сумын эрүүл мэндийн төвүүдийг өртгөтгөж, эмчилгээ үйлчилгээг сумандаа үзүүлэх боломжтой боллоо. Ялангуяа хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэгийн байгууллага руу явах, цаг хугацаа алдах, эдийн засгийн хувьд ч зарлага их гардаг байдалд анхаарч урьдчилан сэргийлэх, анхан шатны шинжилгээ, оношилгоонуудыг нутагтаа хийдэг болсон.
Бүтээн байгуулалтын ажлууд өрнөхийн хажуугаар өвөлжилтийн бэлтгэл ажилд хэр анхаарсан бэ? Өнгөрсөн жилийн хувьд хүндхэн өвөл болж, малчид ихээхэн хохирол амссан. Энэ өвлийн бэлтгэл ажил хэр хангагдсан бэ?
Манай аймгийн эдийн засгийн бас нэг салбар бол хөдөө аж ахуй, мал аж ахуй шүү дээ. Мал аж аухйн салбарт сорилттой, бэрхшээлтэй цаг үеийг 2023-2024 оны хугацаанд давж тууллаа. Монгол Улсын олон аймаг цас, зудтай байж хохирол амссан. Зүүн гурван аймаг маш их хэмжээний малын хорогдолтой байсан. Зудын эрсдлийн ард учирсан хохирол гэж айхтар том хохирол бий. Тиймээс Засгийн газраас хэрэгжүүлж байгаа малжуулах төслийг Хөдөлмөр халамж үйлчилгээний газраар дамжуулан хэрэгжүүлэхээс гадна мал нь ихээр хорогдсон хойд талын зургаан сумын малчдаа малжуулах төслийг мөн хэрэгжүүллээ. Ямартай ч малчид маань зохих хэмжээнд амьжиргаагаа залгуулах, цаашид мал аж ахуйгаа үргэлжлүүлэх нөхцөл бүрдсэн байх. Манай аймагт Улсын их баяр наадмаас хойш зуншлага сайн болсон. Бороо их орсон. Өвсний гарц сайтай байна. Бэлчээрийн даацын хувьд арай сийрэг байгаа. Өвөлжилтийн нөхцөл байдлын хувьд 12 дугаар сарын сүүлч хэлий ч цас багатай, хүйтний эрч бас харьцангуй бага байгааг та бүхэн харж байгаа байх. Өдөртөө салхи, үүл багатай байгаа учраас одоогийн байдлаар өвөлжилтийн хувьд өнтэй байна. Нэг сар гараад нилээн хүйтрэх, цас нэмэгдэх, шуурах урьдчилсан мэдээлэл бий. Өвс, тэжээлийн нөөцийг бүх аймаг дээр нэгдсэн байдлаар төвлөрүүлэх нь буруу юм байна. Шаардлагатай үед шууд гаргаад тусламж үзүүлэхэд бэлэн байлгаж сумдад байрлуулах нь зөв гэж үзсэн. Тийм учраас энэ удаагийн аймгийн өвс тэжээлийн нөөцийг дандаа сумдад нь агуулахад хийж бэлтгэлийг хангасан. Сумдууд өөрсдийн орон нутгийн хөгжлийн сан, малын тоо толгойны албан татварынхаа хүрээнд цуглуулсан өвс тэжээлийн нөөцөө ч бэлдсэн байгаа. Гэхдээ нөөц гэдэг нь болзошгүй гамшгийн эрсдэл тохиолдсон үед аврах төдий зүйл шүү гэдгийг манайхан сайн ойлгох хэрэгтэй байна. Түүнээс өвөлжин, хаваржин бүх малыг тэжээнэ гэсэн үг биш шүү дээ. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд таван ажлын хэсэг гаргаж бүх сумдуудад тарааж ажлууллаа. Шинэ хоршоо хөдөлгөөнтэй холбогдуулаад бас Улсын онцгой комисс, Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний ажлын хэсгийнхэн ирж гурав, дөрвөн суманд ажиллаа. Малчид маань өвс, хадлан тэжээлийн бэлтгэлээ маш сайн базаасан байна. Энэ жилийн хувьд өвсний гарц сайн байсан учраас гар хандлангууд их авсан. Өвс тэжээлийн худалдаа арилжааны хувьд зам харгуй саадгүй, үнэ ханш ч боломжийн байгаа.
Замын-Үүд сум 2025.01.01-ний өдрөөс хуулийн дагуу хотын статустай болох ёстой ч шууд хот болж амжихгүй гэх хүмүүс ч байна. Гэхдээ бэлтгэл ажил хэр хийгдсэн бэ? Яг хэзээнээс албан ёсоор хот болохоор байгаа вэ?
Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Тус хууль хэрэгжиж эхэлснээр шууд хот болчих юм шиг ойлгох нь өөрөө зөрүүтэй ойлголт юм л даа. Тухайн хуулинд яаж хот байгуулах уу, ямар нөхцлөөр бий болох уу гэдгийг тодорхой заачихсан байгаа. Хот байгуулах шийдвэрийг Улсын их хурал гаргана. Улсын их хурал Засгийн газарт өргөн бариад Улсын их хурлаас хот гэж зарлахдаа тодорхой хууль дүрэм бүх зүйлийг нь батлаад өгнө. Ингэхээр хот гэдэг статусаа Улсын их хурлаар баталгаажуулж, хүлээн зөвшөөрүүлж авч байгаа гэсэн үг. Энэ шийдвэр гарахад тодорхой хугацаа хэрэгтэй. Мэдээж хэрэг Засаг захиргааны нэгжээ яаж зохион байгуулах вэ, хүн амаа яаж тооцох вэ, дахин төлөвлөлтийн асуудлууд гээд зөндөө зүйлүүд бий. Түүнчлэн улсын зэрэглэлтэй, орон нутгийн зэрэглэлтэй хот гэсэн хоёр төрөл байх юм билээ. Аль алин дээр нь Улсын их хурлын шийдвэр гарна. Тэгэхээр бэлтгэл ажил маш чухал. Тийм учраас бид Замын-Үүд, Сайншанд сумыг хот болгох бэлтгэлийг хангах тал дээр дэд бүтэц, зам, харилцаа холбоо, төлөвлөлт, нутаг дэвсгэрийн болон хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөөн дээр нь анхаараад явж байна. Бүх сумдуудад нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж батлуулахаар 2025 оны төсөвтөө тусгалаа. Яагаад гэхээр шинэ хууль эрх зүйн орчин бүрдэх гэж байна. Үүнийг дагаад газар зохион байгуулалтыг яаж хийх үү, шугам сүлжээг яаж тавих вэ, цахилгааныг нь яаж шийдэх юм, ус дулаан, зам, кабель зэргийг хэрхэн шийдэх вэ гээд олон эрх зүйн асуудлууд гарна. Ямартай ч бид хуультайгаа уялдуулаад төлөвлөлтөө урьдчилаад хийгээд явж байна.
Замын-Үүд сум хот болох нь хэр оновчтой шийдвэр вэ? Монгол Улс боомт хоттой болох түүнийг дагасан олон эерэг өөрчлөлтүүд бий болж чадах болов уу?
Аймгийн Засаг дарга гээд хариуцлагатай албан тушаал хашиж байгаа хүний хувьд Дорноговь аймгийн хүн ам төвлөрсөн Сайншанд, Замын-Үүд гээд томоохон суурин газрыг хот болгохын төлөө ажиллана. Замын-Үүд маань бүр боомт хот болж хөгжих ёстой. Та бүгд хардаг байх. Хэвлэл мэдээллээр ч гардаг. Зарим нь ч гадаад улс оронд очиж үздэг л байх. Бидэнтэй хамгийн ойрхон жишээ Хятад улсыг тойрсон боомт хотууд дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж өдрөөс өдөрт томорч байна. Өөрийн гэсэн эдийн засгийн чадавхитай, боомт хотоо хөгжүүлэх зөвлөлтэй байдаг. Хэрхэн төсвөө зарцуулах, хотоо яаж хөгжүүлэх ээ ард иргэдээсээ асуудаг. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар хотын статустай болсоны дараа хотын зөвлөл гэж ажиллана. Хотын иргэд нь зөвлөлөө байгуулдаг ийм зохицуулалт явж байгаа шүү дээ. Энэ өнцгөөс харах юм бол бид нар суурин газруудыг яалт ч үгүй хот болгох ёстой. Гэхдээ хот гэж ямар стандарттай байх, ариун цэврийн байгууламжийн стандарт, сууц нь ямар байх вэ, дулаан алдагдалт, халуунд, хүйтэнд ямар байх вэ гээд хэлэлцэх шийдвэрлэх асуудал ихтэй. Бас нэг асуудал нь өнөөгийн монголын хамгийн хэцүү асуудал болоод байгаа утааны асуудал, ямар түлш түлэх вэ гэдгийг хүртэл ярина даа.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...