Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар хүндэтгэн өнгөрүүлж байх тухай шийдвэрийг Монгол Улсын Их Хурал 1996 онд гаргаж, түүнээс хойш 30 дахь жилдээ улс төрийн хэлмэгдсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж байна. Хэлмэгдүүлэлтийг 1922-1990 оны хооронд авч үздэг бөгөөд энэ хугацаанд бүрэн бус мэдээгээр 36 мянган хүнийг хэлмэгдүүлсэн гэж үздэг. Өнөөдрийн байдлаар 31357 иргэнийг хэлмэгдсэнд тооцож цагаатгаад байна. Үүнээс давхардсан тоогоор нийт 19434 иргэнд 80 тэрбум 565 сая төгрөгийн нөхөх олговор, бусад дэмжлэгийг үзүүлжээ.
Мөн хэлмэгдсэн иргэдийн дурсгалыг хүндэтгэн, тэдний үр хүүхэдтэй хамтран олон хөшөө дурсгалыг бий болгож, залуус хойч үедээ түүхийн үнэнийг сануулж, учир шалтгаан хор уршиг, үр дагаврыг тодруулсан олон ном тохимол, баримтат бүтээлийг олон нийтэд хүргэжээ. Түүнчлэн улсын хэмжээнд нийт хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх чиглэлээр бий болгосон нэрэмжит байгууллага, өргөн чөлөө, талбай хөшөө, суварга, самбар, дурсгалын багана, музей зэрэг 200 гаруй объектыг байгуулжээ.
Харин Өмнөговь аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос энэ жил 2025 онд 30 дахь өдөрт зориулж улс орон даяар тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.
Өмнөговь аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, дурсгалыг мөнхжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээнд хэлмэгдэгчдийн үр хүүхэд, ач зээ, иргэдийг хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.





