Засгийн газраас “Төрийн үнэт цаас хэвлэл” төрийн өмчит ХХК-ийг гадаад паспорт хэвлэх зорилгоор байгуулж байв. УБЕГ-ын дэргэдэх энэ компанийн 49 хувийг “Мигасон” компани эзэмшдэг. Уг компанийн захирал нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хувь эзэшдэг хэвлэлийн компанийн хуулийн зөвлөхөөр ажилладаг Н.Цэрэндолгор юм байна. “Төрийн үнэт цаас хэвлэл” төрийн өмчит ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ариунгэрэл ч Б.Батцэцэг сайдын хамаарал бүхий хүн гэж сэтгүүлч С.Будрагчаа “Нууц материалууд: Онц бөгөөд бүрэн эрхт тендерчин” нэвтрүүлэгтээ онцолжээ.
Э. Ариунгэрэл “Төрийн үнэт цаас хэвлэл” төрийн өмчит ХХК-ийн гүйцэтгэх захирал болохоосоо өмнө Б.Батцэцэг сайдын хувь эзэмшдэг “Монголын Үнэт цаас хэвлэл” компанийн захирлаар ажиллаж байсан аж. УБЕГ “Төрийн үнэт цаас хэвлэл” төрийн өмчит ХХК-ийн хүрээнд 22 тэрбум төгрөгийн худалдан авалт хийх нээлттэй тендер зарлаж байжээ.
Гэтэл “Төрийн үнэт цаас хэвлэл” төрийн өмчит ХХК-ийн 49 хувийг эзэмшдэг “Мигасон” компанийн захирал Н.Цэрэндолгор Сангийн яаманд бичиг өгч тендерийг хүчингүй болгож байж. Энэ тухай тодорхой баримтыг сэтгүүлч С.Будрагчаа дэлгээд байна. Хорин сая төгрөгөөс дээш бүх худалдан авалтыг тендергүйгээр хийх ёсгүй байтал УБЕГ-ын харьяа “Төрийн үнэт цаас хэвлэл” компани нь бүхэл бүтэн 22 тэрбум төгрөгийн шууд худалдан авалтыг хийсэн хэрнээ уг шийдвэрийг гаргасан гүйцэтгэх захирал Э.Ариунгэрэл өнөөг хүртэл ямар ч хариуцлага хүлээгээгүй байна. Ийнхүү “Монголын үнэт цаас хэвлэл” төрийн өмчит ХХК 22 тэрбумын худалдан авалтыг ямар ч тендер шалгаруулалтгүйгээр “Жордан Топпер Трейд” компанитай хийсэн байна.
Хачирхалтай нь уг компани албан ёсны ямар ч түүхгүй, хаяггүй, оффисгүй, БГД-ийн 24 дүгээр хороо буюу Алтай хотхоны 53-A байранд байдаг жирийн нэг айлын хаяг дээр бүртгүүлсэн, X тайлан өгдөг байж болзошгүй компани байжээ. Энэ компанийн цор ганц хувьцаа эзэмшигчээр нь Баярсайхан овогтой Сувдмаа гэдэг нэр л байдаг юм байна. Энэ асуудлыг шалгуулахаар иргэн Ж.Дугардорж өнөөдөр /2026.04.01/ Авлигатай тэмцэх газарт хандлаа.




