Өмнөговь аймаг хөгжлийн бодлогоо уул уурхайгаас гадна аялал жуулчлалаар хөгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ хүрээнд говийн байгалийн үзэсгэлэнт болон дурсгалт газруудтай уялдуулан хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх цогц бодлогыг хэрэгжүүлж байгаа юм. Тус цогц бодлогыг хэрэгжүүлэхээр Ханбогд сумын Шүлтлэг боржин, Сүйхэнт, үлэг гүрвэлийн мөрт Шар цавын олдворт газрыг түшиглэн, орон нутгийн иргэдийн оролцоонд суурилсан говийн анхны геопаркийг байгуулж, ЮНЕСКО-гийн бүртгэлд оруулах ажлыг зохион байгулахаар төлөвлөн ажиллаж байна.
Олон улсын зөвлөх, геопаркийн мэргэжилтэн И Сужэд геопаркийг байгуулах гео-био-палео-түүхийн дурсгалт газруудыг танилцуулах ажлыг энэ оны 3 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд зохион байгуужээ.
Тус ажилд Үндэсний геологийн албаны дарга Н.Мөнхбилэг, мэргэжилтэн Ч.Энх-Амгалан, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч С.Уянга, ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн Палеозоологийн салбарын эрхлэгч Б.Майнбаяр, Ханбогд сумын Засаг даргын орлогч, Геопаркийн менежментийн урьдчилсан багийн ахлагч Б.Алтангэрэл, “Дэмчог соёл, амралтын хүрээлэн”-гийн захирал Х.Буманцэцэг, Өмнөговь аймгийн Байгаль орчны газрын мэргэжилтан А.Ган-Эрдэнэ нар оролцсон байна.
Өмнийн говийн геопаркийн үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, ЮНЕСКО-гийн Дэлхийн геопаркийн сүлжээнд бүртгүүлэх бэлтгэл ажлыг хангах, тогтвортой аялал жуулчлалыг орон нутагт бодитоор хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Тус бүс нутагт Галбын гурван хийд болох Дэмчог, Эрээт, Цагаан толгойн хийдүүдээс гадна Чулуун хаалга, Ханбогд хайрхны даллагын уут, сав шимийн дээд газар хэмээн үздэг Алтангэрэлийн дугуй, Эхийн умай хад, Баяжихын агуй, Өвгөн цохио зэрэг байгалийн болон түүхэн дурсгалт газрууд оршдог. Одоогоор Эрээт, Цагаан толгойн хийдийн туурийг сэргээх ажлыг хийж байна. Аялагчид мөн 108 боржин чулуун тогтоц, ан амьтан, тоорой, хайлаас, буйлс, бударгана зэрэг ургамлын бүрхэвч бүхий Их, Бага амны баян бүрдээр аялж, амрах боломжтой юм.




