УИХ-ын гишүүд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай болон Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Даатгалын болон Тендерийн тухай хуульд өөрчлөлт оруулж, иргэд, ААН-д дарамт болж байгаа асуудлыг шийдвэрлэх хуулийн зохицуулалтыг гаргаж ирж байна. Банкны барьцаа баталгаа, урьдчилгаа төлбөрийг орлох шинэ үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх эх үүсвэрийг нь хууль эрх зүйн орчноор нээж өгч байгаа. Энэ бол даатгалын баталгааны асуудал.
Сүүлийн таван жилийн хугацаанд нийт 20 их наяд төгрөгийн бараа ажил үйлчилгээний тендер зарлагдсан байна. Үүнээс 2.3 их наяд төгрөгийн барьцаа баталгааг банканд байршуулсан. Энэ их хэмжээний мөнгө санхүүгийн зах зээлд эргэлдэж, ААН-үүд үйл ажиллагаанд зарцуулж байсан бол эдийн засаг хэрхэн тэлэх байсан бэ? Тухайн мөнгө ямар нэг хүүгүйгээр банканд царцаж байгаа гэсэн үг. Тэгэхээр үүнийг эдийн засгийн үйл ажиллагаанд идэвхтэй оруулах, эдийн засаг өсөж тэлэх боломжийг бүрдүүлэх үүднээс өөрчлөлт хийнэ" гэлээ.