УИХ дахь АН-ын бүлгээс тавьсан шаардлагын дагуу Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлж, Ерөнхий сайдаар томилуулах уу гэсэн асуудал хөндөгдөж эхэлсэн. Улмаар өнгөрсөн баасан гарагт МАН-ын Удирдах зөвлөл хуралдах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг УЗ болон МАН-ын бүлэг, ТББХ, УИХ-ын чуулганаар хэлэлцэж дэмжсэнээр 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөж, түүний Засгийн газрын бүрэн эрх дууссан юм.
Тэгвэл өнөөдөр хуралдсан МАН-ын Бага хурлаар Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэлээ. Санал хураалт нууцаар явагдсан ба Бага хурлын гишүүдийн 99 хувийн саналаар эл шийдвэрийг гаргалаа. Мөн маргааш буюу даваа гарагийн 09.00 цагаас ТББХ, 10.00 цагаас УИХ-ын чуулган хуралдаж УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр чөлөөлөх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр болжээ.




