Өвөрмонголын Альшаа аймагт үндэсний бөхийн томоохон үйл ажиллагааг 5 дугаар сарын 1-4-нд зохион байгуулна. Үүнд, “Баатарчууд хундагат” 1024 шалбуур бөхийн алтан бүсийн төлөөх барилдаан, 1024 зодогт бөхийн барилдаан, монгол үндэсний бөхийн барилдаан, монгол бөх судлалын олон улсын хурал, дөрвөн өөр төрлийн бөхийн барилдааны гиннесийн тэмдэглэл зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Альшаа аймгийн захиргаа, Өвөрмонголын бөхийн холбооноос тус наадамд Монголын үндэсний бөхийн холбооноос оролцох урилгыг Өвөрмонголын бөхийн холбооны тэргүүн Галаар уламжлуулан энэ сарын 2-нд гардуулан өгчээ.
Шалбуур бөхийн барилдааны түрүү бөх 100 сая, үзүүр бөх 40 сая, их шөвөг 20 сая, дунд шөвөг 15 сая , бага шөвгийн 16 бөхөд 7,8 сая, Монгол бөхийн барилдааны түрүү бөх 25 сая, үзүүр бөх 20 сая, их шөвгийн бөх 10 сая төгрөгийн бай шагнал гардах юм.
Энэхүү үйл ажиллагаанд МҮБХ-г төлөөлөн оролцох багийн ахлагчаар Монгол Улсын заан М.Өсөхбаяр оролцох бөгөөд барилдаанд оролцох бөхчүүд info@mnwf.mn хаягаар мэдээллээ ирүүлэх талаар Монголын үндэсний бөхийн холбооноос мэдээллээ.




