Монголын ногоон намын ээлжит бус их хурал 2026 оны гуравдугаар сарын 31-нд зохион байгуулагдаж, намын дүрмийг Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн хэлэлцэж, баталжээ. Мөн тус их хурлаар УИХ-ын гишүүн А.Ундрааг Монголын ногоон намын даргаар сонгосон байна. Монголын ногоон нам нь байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийг хангах зорилготой. Дэлхий дахинаа эдийн засаг, технологийн ногоон шилжилт эрчимтэй явагдаж байгаа энэ цаг үед Монголын ногоон намыг физикийн ухааны доктор, эрдэмтэн эмэгтэй тэргүүлэх болж байгаа нь онцлог.
Үндэсний эвсэлийг бүрдүүлэгч Монголын ногоон нам “Иргэн баян бол улс баян” хэмээх үндэсний ардчилсан үзэл санааг суурь зарчим болгон “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, үндэстнээрээ баяжъя” мөрийн хөтөлбөртэйгээр 2024 оны сонгуульд оролцсон. Үндэсний эвсэл нь 2024 оны нэгдүгээр сард Монголын ногоон нам, Монгол ардчилсан үндэсний намын нэгдэл болж Н.Номтойбаярыг тэргүүнээр томилж байсан юм.
УИХ-ын 2024 оны сонгуулиар дөрвөн суудал авсан Үндэсний эвсэл нь эрх мэдэл, албан тушаалын төлөөх туйлширсан талцал, тэмцлийг зогсоож, төрийн эрх мэдэл нэг намд хэт төвлөрөхөөс сэргийлж, тэнцвэрийг сахиж, бодлогын реформ хийхээр эрмэлзэж ирсэн. Эвсэлийг бүрдүүлэгч намуудын энэхүү байр суурь хэвээр бөгөөд Монголын ногоон намын даргаар А.Ундраа сонгогдсоноор үндэсний үйлдвэрлэлээ дэмжих замаар эх орныхоо язгуур эрх ашиг, эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалж үндэстнээрээ амар амгалан баян чинээлэг амьдрах бодлого боловсруулахыг эрхэм болгон ажиллана гэж мэдэгдээд байна.




