“Ханш нээх өдөр”-ийг тохиолдуулан нутгийн уул ус, байгаль дэлхийг аргадан цэнгүүлэх “Их говийн хаврын баяр-2026” арга хэмжээ зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны зөвлөх, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Сэргэлэн, Төрийн хан хуурч, МУСТА Ц.Соёл-Эрдэнэ, Гавьяат жүжигчин Ө.Батжаргал, Монгол Улсын тэргүүн зэргийн ерөөлч С.Мөнхжаргал, ерөөлч, магтаалч СТА Ж.Дагвасамба болон Өмнөговь аймгийн Хөгжим, жүжгийн театрын уран бүтээлчид, ардын язгуур урлагийн “Алтан өв” хамтлаг, Цогтцэций сумын уртын дуучид, Даланзадгад сумын уртын дуучин, морин хуурч хүүхдүүд зэрэг нийт 200 гаруй уран бүтээлч оролцлоо.
“Ханш нээх өдөр” нь байгаль дэлхий сэргэн амилж, амь бүхэн хөдөлгөөнд ордог хэмээн бэлгэшээдэг онцгой өдөр бөгөөд энэ өдөр бие, сэтгэлээ ариун байлгаж, эв эеийг эрхэмлэн, байгаль дэлхийдээ өргөл өргөх уламжлалтай билээ.
Байгальтайгаа зохицон орших ухааныг түгээн дэлгэрүүлсэн утга учиртай, өргөн цар хүрээтэй баяр боллоо.




