Монгол Улсын Дэлхийн Энх тайвны индекс (Global Peace Index)-т эзлэх байр суурь сүүлийн арван жилийн хугацаанд хурдацтай сайжирч, шилдэг 50 улсын тоонд тогтмол багтах болсон байна. Тухайлбал, 2015 онд Монгол Улс "GPI" индексэд 2.22 оноотойгоор эхний 42 дугаарт жагсаж байсан бол арван жилийн дараа оноо нь 1.71 болж сайжран, Ази тивдээ тавдугаарт, дэлхийн 163 орноос 37 дугаарт эрэмбэлэгджээ.
Азийн жагсаалтыг Сингапур тэргүүлж, удаах байруудад Япон, Малайз, Бутан орсон бөгөөд Монгол Улс тэдний дараа бичигдсэн байна. Австралид төвтэй Эдийн засаг, энх тайвны хүрээлэн (IEP)-гээс жил бүр гаргадаг "GPI" нь дэлхийн 163 тусгаар улс, нутаг дэвсгэрийг энх тайванч байдлын түвшнээр нь эрэмбэлдэг. Улс орнуудын энх тайванч байдлыг хэмжих энэхүү нийлмэл индекс нь 1-5 онооны систем бүхий 23 тоон болон чанарын үзүүлэлтээс бүрддэг байна.
Оноо бага байх тусам тухайн улс илүү энх тайвныг эрхэмлэдэг гэж үздэг. Үзүүлэлтүүдэд гэмт хэргийн талаарх ойлголт, хүн амины хэрэг, дотоод мөргөлдөөний эрчим, зэвсгийн импорт, дотоод мөргөлдөөнөөс үүдэлтэй нас баралт, гадаад мөргөлдөөнд оролцсон байдал зэрэг багтдаг. Тайланд дурдсанаар Монгол Улс бүс нутагтаа харьцангуй тогтвортой улс төрийн орчин, гадаад мөргөлдөөний түвшин бага, олон нийтийн аюулгүй байдал, хамгаалалтын үзүүлэлтүүд сайн зэрэг үнэлгээгээр эерэг дүн авсан байна.




