Италийн Милан, Кортина хотод өвлийн спортын XXV олимпод манай улсаас гүйлтийн цанаар хоёр, уулын цанын төрөлд нэг тамирчин өрсөлдөж, тэмцээнээ дуусгалаа.
Монголын тамирчдын тэмцээн уралдааныг олон улсын хэмжээний мастер А.Ариунбат албан ёсоор өндөрлүүлэв. Тэрбээр уулын цанын слалом буюу туг сүлжих төрөлд А.Ариунбат маань Бормио хотын уулын цанын “Stelvio Ski centre” баазад хурд хүч, эр зориг, авхаалж самбаагаа сорив. Монголын тамирчин өвлийн олимпод уулын цанын төрлөөр анх удаа оролцсон нь энэ. Энэ төрөлд 96 тамирчин гараанаас гарснаас эхний буултаар хоёр тамирчин торгуулиар хасагдаж, 50 тамирчин барианд орж чадсангүй. Харин манай Ариунбат эхний буултаар 1:16.86 минутын амжилтаар 43-аар барианд орсон. Хоёр дахь буултаар эхнийхээс шалгарсан 44 цаначин гараанаас гарч 39 нь бариалав.
А.Ариунбат энэ удаа 1:13.16 минутын амжилт үзүүлж, нийлбэр дүнгээр 2:30.02 минутаар 38 дугаар байр эзэлжээ. АНУ, Итали, Австри, Франц, Швед тэргүүтэй энэ төрлийн спорт өндөр хөгжсөн орнууд барианд орж чадаагүй аж.
Ийнхүү манай тамирчдын оролцох тэмцээн уралдаан албан ёсоор өндөрлөлөө. Тэд энэ сарын 22-нд Кортина хотод өвлийн XXV олимпын хаалтын ёслолд оролцоод эх орондоо ирнэ.




