Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр маргааш буюу 2026 оны хоёрдугаар сарын 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 21-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгаар, 22-нд зүүн аймгуудын ихэнх хэсгээр цас орж, цасан болон шороон шуурга шуурч, салхи шуургатай байх төлөвтэй байна. Мөн ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, огцом хүйтрэхийг онцгойлон анхаарууллаа.
Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхэн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тухай бүрт нь хүлээн авч, нөхцөл байдалд нийцүүлэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна. Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, шатахууны нөөцтэй зорчих, баталгаат зам, гарцаар явах шаардлагатай.
Мөн бага насны хүүхэд, өндөр настан, тусгай хэрэгцээт иргэдийг малд явуулахгүй байх, малаа ойрын бэлчээрт бэлчээх, дулаан хувцаслах, хувийн бэлтгэлээ сайтар хангах нь зүйтэй. Түүнчлэн архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байхыг анхааруулж байна.
Иргэд та бүхэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангана уу.




