Жеффри Эпштейнтэй холбоотой бэлгийн хүчирхийллийн хэргийн мөрдөн байцаалтад хамаарах баримтууд олон нийтэд ил болсон билээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Ч.Ганбат Жеффри Эпштейнтэй мэйлээр харилцаж байсан баримт ил болж, Ерөнхйилөгч асан Ц.Элбэгдоржийн Жеффри Эпштейнтэй уулзаж буй зураг ч гарч ирэн, цахим орчинд таагүй шүүмжлэл их гарч буй. Энэ талаар Ц.Элбэгдорж доорх тайлбарыг цахим хуудсаараа дамжуулан өгчээ.
1. Эпштейн нарын Монгол агент намайг "тэрслэгч" гэж бичсэнийг харсан. "ЖЭ"-ний муу үйлдэлд миний байр суурь маш тодорхой. Шүгэл үлээгч, хохирогчдын эрх ашгийг хамгаалах. Тэр муухай сүлжээний бүх баримтыг ил болгох. Хууль зөрчсөн хэнтэй ч бай хариуцлага тооцож, дахиж үл давтах.
2. Хүүхдүүд бүгд сайн байгаа. Тэд ийм асуудалд ямар ч хамаагүй. Бүгд тусдаа ажил амьдралтай. Хэний ч үрс адилхан, хэл амнаас хол байсан нь дээр. Арай дэндүү гүтгэх юм. Надаас зарим нь юунд ингэтлээ айдаг байнаа. Сэдвийн хомсдолд ороод сандрав уу!
3. Нуух юм юу ч байхгүй ээ. Хувийн зүйл ярихаас аль болох зайлсхийж явдаг. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр янз бүрийн хүрээнд олон арга хэмжээ, зоог, хүлээн авалт болно. Тэгэж л албаны хэдэн үг сольсноос өөрөөр нүүр тулаагүй" гэжээ.




