ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ХЭЗЭЭ ДУУСАХ ВЭ?
2026 оны эхний улирлын шалгалтын цахим бүртгэл 02 дугаар сарын 17-ны өглөөний 09:00 цаг хүртэл үргэлжилнэ. Бүртгэлээс хоцорсон тохиолдолд нөхөн бүртгэдэггүй, дараагийн улиралд бүртгүүлэхээс өөр боломжгүй тул хувийн зохион байгуулалтаа зөв хийж, хариуцлагатай байхыг зөвлөе. Бүртгэлийн сүүлийн хугацаа битүүний өдөр тохиож буйг анхаарахад илүүдэхгүй.
ШАЛГАЛТАА ХААНА ӨГӨХӨӨ ХЭРХЭН ШИЙДЭХ ВЭ?
Таны анкет дээр бичсэн байнгын оршин суух хаягийг үндэслэн шалгалтын хуваарийг гаргадаг. Тиймээс анкетыг бөглөхдөө шалгалт өгөх газраа шийдэж, зөв бөглөхийг хүсье. Бүртгүүлэгчдийн харьяалал, тоо, шалгалтын танхимын багтаамж, тоног төхөөрөмжийн хүрэлцээнд үндэслэж хуваарь хийдэг тул нийтэд зарласан хуваарийг өөрчлөх боломжгүйг анхаарна уу.
БҮРТГҮҮЛСЭН ЭСЭХЭЭ ХЭРХЭН ШАЛГАХ ВЭ?
Та Төрийн албаны зөвлөлийн csc.gov.mn цахим хуудасны “Open-Exam шалгалтын цахим систем (Ерөнхий шалгалт)” цэсээр нэвтэрч, “Бүртгэлд хамрагдсан иргэд” хэсэгт зөвхөн регистрийн дугаараа бичээд хайх товчийг дараарай. Таны овог, нэр гарч ирвэл бүртгэгдсэн, “Үр дүнгүй” байвал бүртгэгдээгүй болно.




