Монгол Улсын биологийн олон янз байдлыг хамгаалах бодлого, төлөвлөлт болон шинжлэх ухааны судалгаа шинжилгээнд чухал ач холбогдолтой Дэлхийн байгаль хамгаалах холбооны “Амьтны Улаан дансны үнэлгээ” 20 гаруй жил дараа дахин шинэчлэгдэж, хөхтөн, загас, мөлхөгч, хоёр нутагтан амьтны улаан данс ба хамгаалал ангиллаар хэвлэгджээ.
Улаан данс нь ховордож буй амьтан, ургамлын зүйлүүдийн устах эрсдэлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үнэлдэг, 60 гаруй жилийн түүхтэй, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн баримт бичиг бөгөөд зүйлүүдийн устах эрсдэлийг тодорхойлохоос гадна ховордож буй зүйлүүдэд чиглэсэн хамгааллын бодлого, арга хэмжээг нэн тэргүүнд тодорхойлох суурь хэрэгсэл болдгоороо онцлогтой.



Монгол Улсын хувьд хөхтөн, загас, шувуу, мөлхөгч, хоёр нутагтан зэрэг сээр нуруутан амьтдын 689 зүйлийн тархац, ховордлын зэрэг, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг Улаан дансны шалгуураар 2006–2011 онд үнэлж, хамгааллын төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж ирсэн ба энэ удаа загас, хөхтөн, хоёр нутагтан, мөлхөгчийн 253 зүйлийг үнэлжээ. Өмнөх үнэлгээнээс хойш 15-20 жил өнгөрсөн, Улаан дансны үнэлгээний шалгуурт нэмэлт, өөрчлөлт орсон, мөн амьтдын популяцийн төлөв байдал, үзүүлж буй нөлөөлөлд бодит өөрчлөлт гарч, дахин үнэлэх шаардлага зүй ёсоор бий болсон цаг үед энэ удаагийн үнэлгээ хийгдсэнээрээ чухал ач холбогдолтой болсон байна.
Энэхүү ажлыг хэрэгжүүлэхэд Дэлхийн байгаль хамгаалах сан дэмжлэг үзүүлж, 50 гаруй эрдэмтэн, судлаач, их, дээд сургуулийн багш нар оролцжээ.





