Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэн хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд 2025 оны долдугаар сарын 7-ны өдөр “Монгол бичгийн зөв бичих дүрэм”-ийг эмхэтгэн найруулж, журамлан боловсруулах ажлын хэсэг байгуулсан байна. Тус ажлын хэсэгт МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэн, “Хүмүүн бичиг” сонин зэрэг байгууллагын төлөөлөл багтаж, хэд хэдэн удаа хуралдаж, хэлэлцүүлэг, ярилцлага зохион байгуулжээ.
Тодруулбал, 2025 оны аравдугаар сарын 17-ны өдөр “Монгол бичгийн зөв бичих дүрэм” сэдэвт бүх нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд уг хэлэлцүүлэгт ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, МУИС, МУБИС, Олон улсын Монгол судлалын холбоо, СУИС, Боловсролын хүрээлэн, Монцамэ агентлаг болон ерөнхий боловсролын сургуулийн монгол хэлний багш нар зэрэг 60 гаруй эрдэмтэн, судлаач, багш оролцож, дүрмийн төслийг хэлэлцсэн байна.
Ажлын хэсгээс гадаад үг, олон хувилбарт үг, оноосон нэр, зарим дагавар, нөхцөлийг хэрхэн бичих зэрэг маргаантай асуудлыг мэргэжлийн судлаачдад танилцуулж, санал авч тусган, дүрмийн төслийг боловсруулжээ.
Улмаар уг төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн 2026 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн ээлжит хурлаар танилцуулж, хоёрдугаар сарын 11-ний өдрийн ээлжит бус хурлаар бүх нийтээр дагаж мөрдөх монгол бичгийн зөв бичих дүрмийг баталлаа.




