Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон өвлийн XXV олимпын наадмын үеэр болох Италийн Милан хотын алдарт “Загварын 7 хоног”-ийн тайзнаа Монголын тамирчдын нээлт, хаалтад өмсөх гоёлыг танилцуулахаар болжээ.
Энэхүү наадам нь зөвхөн тамирчид спортоор өрсөлдөх бус олимпын хөдөлгөөний хүрээнд эх орныхоо үндэсний брэнд, ёс заншил, өв соёлоо сурталчлах хамгийн том талбар болдог билээ. Тиймээс Монголын үндэсний олимпын хорооны удирдлагууд эх орныхоо сурталчилгааг идэвхтэй хийхийг гол зорилгоо болгож “Парис 2024” олимпын наадмын “Mongolia House” төслийг санаачлан хэрэгжүүлсэн юм. Энэ хүрээнд Парис хотод Монголын соёл, бүтээлч байдал, авьяас чадварыг спортын өрсөлдөөнөөс гадна олон талт байдлаар дэлхий дахинд бодитоор таниулж байв.
Тэгвэл маргааш шөнө нээлтээ хийх өвлийн олимпын үеэр Монголын үндэсний олимпын хороо, Олон улсын олимпын хороо, “Милан-Кортина 2026” наадмын Зохион байгуулах хороотой хамтран ажилласны үр дүнд Монгол Улсыг алдарт Миланы “Загварын 7 хоног”-ийн тайзнаа нээлтийн ёслолын хувцсаа танилцуулах цөөхөн орны нэгээр сонголоо.
Монголын багийн хувсцыг Vogue, The Wall Street Journal, Reuters, Harper’s Bazaar зэрэг олон улсын нэр хүндтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өндрөөр үнэлсэн байна.
Дэлхийн загварын нийслэлийн нэг Миланд ийнхүү Монголын өв соёл, уламжлалыг орчин үеийн загварт шингээсэн, анхаарал татам хувцас олны нүдийг булаахаар боллоо.




