Монголын эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, ажилтнууд цалин хөлс, хөдөлмөрийн шударга үнэлэмжийн төлөө “Дахин тэвчихгүй” уриатай эсэргүүцлийн жагсаал, цуглааныг өнөөдөр албан ёсоор эхэлсэн. Жагсаал 11:00 цагт Сүхбаатарын талбайд эхэлж, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлээс:
- “Эрүүл мэндийн салбарт ажилладаг хүн бүр,
- Эмч, сувилагчдын ар гэрийнхэн, найз нөхөд,
- Эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч байсан иргэн бүрийг энэ тэмцлийг дэмжиж, хамтдаа оролцохыг уриалсан билээ. Түүнчлэн Засгийн газар хуралдаж, эрүүл мэндийн салбарын ажил хаялттай холбоотой асуудлыг танилцуулжээ. Тодруулбал, 2026 оны нэгдүгээр сараас эмч нарын цалинг 30 хувь нэмнэ. Цаашид үе шаттайгаар 75 хувиар нэмж 2026 ондоо багтааж 3 сая төгрөгт, 2027 онд 3.5 сая төгрөгт хүргэхээр санал гаргасан байна. Мөн гурван талт хэлэлцээрт гарын үсэг зурна. Энэ саналаа одоо үйлдвэрчний эвлэл рүү явуулах гэж байна гэх мэдээллийг салбарын сайд нь өгсөн юм.