Нийгмийн даатгалын ерөнхий газраас нэр бүхий мэдээллийн хэрэгслүүдээс гаргасан мэдээлэлтэй холбогдуулан мэдэгдэл гаргалаа.
Уг мэдэгдэлд "Мөрч MN, Aimar Social News зэрэг сайтуудаар "Нийгмийн даатгалын байгууллагын ажилтнууд НӨАТ-аас 70.0 тэрбум төгрөг луйвардаад баригдлаа" гэх худал мэдээлэл гарчээ. Нийгмийн даатгалын байгууллага нь НӨАТ-тай холбоотой чиг үүрэг хэрэгжүүлдэггүй бөгөөд худал мэдээллийг санаатайгаар олон нийтэд түгээж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын энэхүү үйлдэлд харамсаж байна. Иймд эдгээр байгууллагыг энэхүү худал мэдээлэлдээ залруулга хийхийг шаардаж байна.
Залруулга хийхгүй тохиолдолд хууль, хяналтын байгууллагад хандах болно. Нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хуулийн хүрээнд хэрэгжүүлдэг бөгөөд мэдээлэлд дурдсан асуудал гараагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэжээ.




