Тун удахгүй Монголд монгол, герман уран бүтээлчдийн “Анагаагч эх дэлхий” үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн Монголд зохион байгуулах үзэсгэлэнгийн онцлог нь Герман болон Монгол уран бүтээлчид шинэ концепцын дагуу, зөвхөн энэ үзэсгэлэнд зориулсан шинэ бүтээлийг туурвижээ. Үзэсгэлэнд 10 уран бүтээлч оролцох ба дөрөв нь Монголд ажиллаж, амьдарч буй уран бүтээлчид юм байна.
Тухайлбал, "Тэнгэрийн захидал" уран бүтээлчдийн нэгдэл, уран бүтээлч Ж.Мөнхцэцэг, А.Очирболд, Д.Отгонбаяр нар оролцох аж.
Ташрамд сонирхуулахад, өнгөрсөн онд Монгол Улс, ХБНГУ дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэсэн. Хоёр орны хамтын ажиллагаа эдийн засаг, улс төр, шинжлэх ухаан, боловсрол, нийгмийн салбараас гадна соёл, урлагийн чиглэлээр ч өргөжин хөгжиж, олон томоохон төсөл хэрэгжүүлсэн. Тэдгээрийн нэг нь “Эх дэлхийгээ анагаахуй” нэртэй соёл, урлагийн хамтарсан төсөл бөгөөд төслийг Монголын “Соёл, урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” ТББ, Германы “Кунстхаллэ Дюссельдорф” орчин үеийн урлагийн музей, Монголын “Чингис хаан” үндэсний музейтэй хамтран хэрэгжүүлж байна.