Монгол Улсад орчин цагийн эм хангамжийн байгууллага, эмзүйн салбар үүсэж хөгжсөний 102 жил, Дундговь аймагт тус салбар байгуулагдсаны 83 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхэн ойг тохиолдуулан аймагтаа эм хангамжийн салбарын ажилтнууд, үе үеийн эм зүйч, эм найруулагч, ажилтнууд хамтдаа баярын арга хэмжээг тэмдэглэв. Арга хэмжээний нээлтийн үеэр ахлах зэргийн эм зүйч А.Үүрийнцолмонгийн “Залуу эм зүйчдэдээ илгээх захидал” номын нээлт болж, нутгийн эм зүйчдийн хамтын бахархал болсон юм.
Эм хангамжийн салбарын хөгжилд 1942 оноос эхлэл тавигдаж, анхны нэг гэртэй эмийн сангаас өнөөгийн хүртээмжтэй, мэргэжлийн тогтолцоонд хүрсэн түүхийг дурсан ярьлаа. Мөн 1990-ээд оноос эхлэн олон улсын төсөл, орон нутгийн санаачилга, төрийн бодлогын хүрээнд эмийн эргэлтийн сан байгуулагдаж, бүх сум эмийн хангамжид жигд хамрагдсан нь салбарын чухал ахиц байсныг тэмдэглэв.
Дундговь аймгийн эм хангамжийн салбарын хөгжил дэвшлийг тодорхойлж хүн амын эрүүл мэндийн хэрэгцээ шаардлагад нийцсэн эм, эмнэлгийн хэрэгслийг тасралтгүй, жигд, хүртээмжтэй хангахад бүхий л амьдрал, сэтгэл зүрх, хөлс хүчээ зориулан ажилласан ахмад үе, үе үеийн эм зүйч, эм найруулагч, ажилчдаар бахархан талархал илэрхийлье.