Монгол улсын гавьяат багш Намжилын Өлзийн нэрэмжит математикийн 23 дахь удаагийн олимпиадыг 2025 оны 9-р сарын 26–28-ы өдрүүдэд Дундговь аймгийн Цэгц билиг сургуульд зохион байгуулж байна. Н.Өлзий багшийн нэрэмжит энэхүү олимпиад нь оюун ухаан, авьяас чадварыг сорих, математикт дур сонирхолтой хүүхэд залуусыг нээн илрүүлэх, хөгжүүлэх зорилготой ба анх 1997 онд Өлзий багшийн санаачилгаар аймагтаа математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анхны сургуулийг байгуулсан нь энэхүү уламжлалт олимпиадын эхлэл болсон юм.
Өчигдөр, олимпиадын нээлтийн үйл ажиллагаа болж аймгийн Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр, Боловсролын газрын дарга Ц.Уранбямба нар үг хэлж, оролцогчдод амжилт хүслээ.
Энэ удаагийн олимпиад нь Дундговь аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой бөгөөд Улаанбаатар хот болон Өмнөговь, Өвөрхангай, Дундговь аймгийн нийт 21 сургуулийн 38 багш бага дунд гэсэн ангиллаар, 530 хүүхэд 7-12-р ангийн төрөлд оролцож байна. Мөн олимпиадын комиссоор Олонлог сургуулийн математикийн багийн хамт олон ажиллаж байгаа нь тэмцээний мэргэжлийн түвшинг улам бүр нэмэгдүүлж байна.




