Боловсролын ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/420 дугаар тушаалын хавсралтаар “Улсын олимпиад зохион байгуулах журам”-ыг баталсан байдаг. Журмаар олимпиад зохион байгуулах эрх бүхий байгууллага нь Ерөнхий хороо болон Дэд хороо байхаар зохицуулсан байна. Олимпиадын ерөнхий хороо 2025 оны наймдугаар сарын 22-ны өдөр хуралдаж, 2024-2025 оны хичээлийн жилд зохион байгуулагдсан улс, олон улсын олимпиадуудын үр дүн, цаашид сайжруулах санал зөвлөмжийг хэлэлцэж, 2025-2026 оны хичээлийн жилийн олимпиадын хуваарийн товыг тогтоон, Боловсролын сайдад танилцуулан, Боловсролын яамны саналд үндэслэн хэлэлцэж баталлаа.
2025-2026 оны хичээлийн жилд зохион байгуулагдах олимпиад 12 төрлийн хичээлээр зохиогдох бөгөөд ирэх аравдугаар сарын 20-31 хооронд явагдахаар болжээ. Мөн шалгарсан сурагчид сургууль, аймаг, дүүрэг, нийслэл болон улсын гэж оролцоно. Харин улсын олимпиадын аваргыг ирэх 2026 онд зохион байгуулах аж.





