Монголын Боловсол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл хэвлэлийн бага хурал хийж, улс орон даяар маргааш /2025.09.24/ багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгохыг шаардан багш нар жагсах болсныг мэдэгдлээ. Жагсаалын үеэр багш нарын цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулахыг шаардаж УИХ-ын дарга болон Ерөнхий сайд нарт шаардлага хүргүүлэх аж. Түүнчлэн шаардлагыг албан тушаалтнууд өөрийн биеэр хүлээн авахыг хүсэж байна гэлээ.
Мөн тайван жагсаал хийхдээ бусдын нэр хүндэд халдахгүй байхыг уриаллаа. Энэ удаагийн тайван жагсаал үр дүнд хүрэхгүй тохиолдолд хуулийнхаа хүрээнд тэмцэл хөдөлгөөнийг үргэлжлүүлэх болно гэв. Тайван жагсаалыг 12:00-16:00 цагийн хооронд зохион байгуулахаар төлөвлөжээ..
Багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагыг тус холбооноос тавьж, улмаар Боловсролын яамныхантай хэлцэлд ч орсон. Боловсролын сайд П.Наранбаяр “Багш нарын үндсэн цалинг 3.5 сая төгрөг болгон нэмэгдүүлэхэд 3.3 их наяд төгрөг шаардлагатай. Энэ эх үүсвэрийг ирэх онд гаргах боломжгүй. Үе шаттай багш нарын цалинг нэмэх боломж бий” гэж мэдэгдээд байгаа. Эргэн сануулахад эл холбооны зүгээс өнгөрсөн жил ч мөн цалинг 2,5 сая болгохыг шаардаж байсан билээ.




