Уншигч түмэндээ үүд хаалгаа нээгээд зургаан оны нүүрийг үзэж буй “check.mn” сайтын зургаан насны ой энэ өдөр тохиож байна. Бид буйраа засаж, өндөр үүдээ дэлгэснээс хойш Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгааг хангах, ард түмний мэдэх эрхийг хангахын төлөө зүтгэж ирлээ. Энэ хугацаанд өөрсдийн үнэт зүйлийг дархлах, түүнийгээ бататгах, түгээн дэлгэрүүлэхийн төлөө хичээн чармайсаар иржээ.
Тэдгээр үнэт зүйлсийн нэг нь хэвлэн нийтлэх эрх чөлөө юм. Хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулж, төлөвшүүлэхийн төлөөх чин эрмэлзэл нь монгол түмэнд оюун санааны хувьсгалт өөрчлөлтийг авчирсан. Энэ түүхэн ололтоо бэхжүүлж, бат бэх суурьтай байлгахын төлөөх эрхэм зорилтын ачааны хүндийг үүрэлцэж яваагаараа бахархаж байна.
Шударга ёс, хариуцлагатай нийгмийн төлөөх тэмцлийн түүчээ болсон хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэгэн салаа мөчир болох “check.mn” сайтын баримталдаг зарчим, үнэт зүйл нь иргэдээ бодит мэдээллээр хангах, нийгмээ соён гэгээрүүлэх, парламентын засаглалыг төгөлдөржүүлэхийн төлөө ямагт чиглэж ирсэнд хүмүүс ч талархалтай ханддагт ямагт баярлаж явдаг.
Монголын нийгэмд иргэний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, олон эшт үзэл, ил тод байдал, цэгцрэх хөдөлгөөн урагшлан хөгжихийн хэрээр Та бүхний үүрэг оролцоо ч ихээхэн нэмэгдэж байгаа билээ. Энэхүү журамт үүргээ Монголын сэтгүүл зүйн салбарынхан нэр төртэй хэрэгжүүлнэ гэдэгт итгэл төгс байна. Учир иймийн хувьд “check.mn” сайтын зургаан насны ойн баярын мэндийг өргөн уншигч түмнээ дахин дахин хүргэж, үргэлж биднийг уншдагт тань талархаж явдгаа илэрхийлье.
“CHECK.MN”




