Монгол Улс анх удаа Морьт харвааны 17 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тус тэмцээн нь “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн гол арга хэмжээний нэг болж буйгаараа онцлогтой.
Дэлхийн 30 гаруй орны шилдэг харваачдыг нэг дор нэгтгэх төдийгүй Монголын уламжлалт харвааны “Бөмбөг намнаа” төрлийг дэлхийн аваргын албан ёсны төрөлд багтааснаар түүхэн ач холбогдолтой.
Энэ нь үндэсний соёл, спортын өвөрмөц уламжлалыг олон улсад сурталчлах, залуу үеийн сонирхлыг татах стратегийн чухал алхам болж байна.
Монгол Улсыг төлөөлөн улсын аваргаар шалгарсан, дэлхийн чансаанд эрэмбэлэгддэг, өндөр түвшний 15 шилдэг харваач оролцох юм.
Мөн олон улсын зэрэглэлтэй шүүгчид, дасгалжуулагчид, Дэлхийн Морьт Харвааны Холбооны удирдлагууд болон ЮНЕСКО-гийн Дэлхийн тулааны урлагийн Байнгын хорооны дэд ерөнхийлөгч зэрэг хүндэт зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирнэ.
Тэмцээн Налайх дүүргийн “Тайж хайрхан” уулын бэлд 2025 оны 8 дугаар сарын 21, 22, 23-ны өдрүүдэд болно.