УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Н.Батсүмбэрэл, Д.Бум-Очир нар Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах шаардлагыг өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлж байв. Огцруулах болсон үндэслэлээ тэд Боловсролын сайд П.Наранбаяр нь тендер зарлалгүй “Шинэ Монгол” сургуулийн сургалтын хөтөлбөрийг ерөнхий боловсролын 120 сургуульд хэрэгжүүлэх нэрээр төсвийн 1.2 тэрбум төгрөгийг Шинэ Монгол нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагад олгосон нь авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн. Мөн оны элсэлтийн шалгалт будилаантай болсон зэрэг нь огцруулах үндэслэл болно гэж үзэж буйгаа илэрхийлж байсан билээ.
Харин Засгийн газрын тэргүүн сайд П.Наранбаярын Шинэ Монгол нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагад олгосон 1.2 тэрбум төгрөг нь авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэж байгаа эсэхийг нягтлуулахаар Авлигатай тэмцэх газарт хандсан байна.
Сайд П.Наранбаярын хувьд “Өмнөх сайдын хэрэгжүүлж байсан төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн, хууль зөрчсөн нэг ч үйлдэл байхгүй” гэдгийг мэдэгдэж ирсэн. Харин дээрх нэр бүхий гишүүдийн хувьд “П.Наранбаяр сайд “Шинэ Монгол” сургуулийн захирлаар ажиллаж байсан тул ашиг сонирхол нэгдмэл нэгэн гэж үздэг юм. Гэхдээ уг төслийн талаар багш нар ам сайтай, амжилттай үр дүнтэй хэмээн хэлцгээдэг.